Обсуждение:Базаргуруев, Базар Будажапович

Материал из Википедии — свободной энциклопедии
Перейти к навигации Перейти к поиску

Базар Базаргуруев: Монголын өмнөөс барилдах санал тавихгүй байх

[править код]

2011 оны 11 сарын 17 news.mn


Буриадууд бөхөөрөө алдартай гэдгийг спорт сонирхогчид сайн мэддэг. ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриадын тамирчид гадаадын хэд хэдэн орны нэрийн өмнөөс тив, дэлхийн аварга, олимпийн наадамд оролцдог билээ. Тэдний нэг нь Буриадын нэрт бөх, 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга Базар Будажапович Базаргуруев юм. Тэрбээр Киргизстаны нэрийн өмнөөс барилдаж, Бээжингийн олимпод шагналт байрт шалгарч чамлахааргүй амжилт гаргаж байсан билээ.

Даян аварга А.Сүхбат захиралтай, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Олимп” дээд сургуулийн урилгаар Улаанбаатарт хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байхад нь түүнтэй хөөрөлдлөө.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Базар Базаргуруев гэдэг. Би Агын Буриадын Чулуутай хэмээх тосгоны Урт хөндий гэдэг газар төрсөн. Бага байхдаа мал маллаж өссөн. Манайх тосгоны малчин айл л даа.

-Чөлөөт бөхөөр хэзээнээс эхэлж хичээллэв. Яагаад чөлөөт бөхийг сонгосон юм бэ?

-14 жил хичээллэж байна. Намайг бага байхад манай Агад чөлөөт бөхийн сургууль байгуулагдсан. Харин би түүний дэргэдэх дотуур байранд байрладаг. Тийм болохоор энэ спортоор хичээллэх болсон. Агын буриадууд бөхөөрөө алдартай шүү дээ. Миний багш, энд хамт ирээд байгаа Жамсо Лхамажапов ч Агынх.

-Танай гэр бүлд тамирчин бий юү?

-Би айлын таван хүүхдийн бага нь. Манайханд спортоор хичээллэсэн хүн байхгүй ээ. Манай гэр бүлийнхэн бүгд малчин. Үхэр, хонь, адуугаа маллаад хөдөө гэртээ байдаг. Бидний тосгон Монголын хилээс 250 км зайтай. Дорнод аймгийн тушаа хойд зүгт Чулуутай тосгон гэж байдаг.

-Киргизстаны нэрийн өмнөөс хэзээнээс барилдаж эхлэв?

-2007 оноос Киргиз улсын шигшээ багт барилдах болсон. Буриадын дасгалжуулагч Максим Молонов тэдний багш нартай ярилцаад, бид очиж сорилтод нь ялж ийм эрхтэй болсон. Тэгээд Бишкект болсон Азийн АШТ-ий 60 кг-д барилдан түрүүлж байлаа.

-Бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Киргизийн шигшээ багтай 3-4 сар, мөн Буриаддаа ийм хугацаанд бэлтгэл хийнэ. Ер нь хоёр орны хооронд тогтмол явна шүү дээ.

-Киргизийн нэрийн өмнөөс барилдах болсон шалтгаан юу вэ. Оросын шигшээд барилдах боломж байгаагүй юм уу?

-Оросоос барилдана гэдэг хэцүү шүү. Шилдэг бөх олон байдаг. Киргизэд барилдахаас өмнө ОХУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм. Дараа нь Киргизээс надад санал ирээд би зөвшөөрсөн. Киргизстан бөх цөөтэй шүү дээ.

-Киргизстанд таны жинд өрсөлдөөн хэр вэ?

-2-3 сайн бөх л байдаг.

-Ингэхэд ДАШТ-д хэдэн удаа барилдсан бэ?

-2007 оноос хойш гурван удаа барилдсан. Мөн Бээжингийн олимп болон Гуанжоугийн Азийн наадамд оролцсон.

-Дэлхийн аваргаас медаль хүртэж байхад сэтгэгдэл ямар байв?

-Тэр үед би 23 настай байсан юм. Маш гоё санагдсан. Яагаад гэвэл Киргизстанаас хамгийн сүүлд 20-иод жилийн өмнө Кенжибек Омуралиев ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгэхээр би сүүлийн 20 жил тасарсан медалийг нь Киргизэд авчирсан гэсэн үг.

-Тэгвэл киргизүүд нэлээд сүртэй угтаж авсан байх даа?

-Үгүй ээ. Тийм зүйл болоогүй. Намайг медаль аваад ирэхэд гавьяат тамирчин цолноос гадна 3000 ам.доллар өгсөн. Зарим хүн ирж баяр хүргэсэн. Гэхдээ гавьяат тамирчин цолыг Бээжингийн олимпийн дараа өгсөн юм. Яагаад гэвэл би олимпод тавдугаар байр эзэлсэн. Харин манай Агын Буриадын дарга Баир Баясхаланович Жамсуев надад машин бэлэглэж байсан юм.

-Киргизээс хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Бага л даа. 150 ам.долларын цалин л авдаг.

-Олимпийн наадмын хүрлийн төлөөх барилдаанд ялагдахад ямар байсан бэ?

-Маш их харамсалтай санагдсан. Японы Шинжи Юмото клинч барьцаар миний хөлийг аваад ялсан. Уг нь бол сайн барилдсан гэж боддог.

-Монголын бөхчүүдтэй бэлтгэл хийх ямар байна?

-Монголчууд сайн. Монгол, Буриад, Киргиз гээд бүгд өөрийн гэсэн барилдааны арга барилтай.

-Тэмцээнд оролцоход дээд тал нь хэдэн кг жин хасдаг вэ?

-Найман кг хасдаг. Би одоо 68 кг жинтэй. Тэмцээн дөхөөд ирэхээр жингээ хасаад 60 кг-ын жинд барилддаг.

-Өөр улсаас манай нэр дээр барилдаач гэсэн санал тавьж байсан уу?

-Үгүй.

-Хэрэв Монголоос санал тавьбал?

-Монгол Улсаас надад санал тавихгүй байх аа. Яагаад гэвэл Монголын бөхчүүд сайн.

-Долоо хоногт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Өдөр бүр өглөө, оройдоо бэлтгэл хийдэг. Бусад үед нь унтаж амарна. Ням гаригт бэлтгэлгүй.

-Ирэх онд олимпийн эрх олгох гурван тэмцээн бий. Тэдгээрээс эрхээ аваад олимпод оролцоно биз?

-Тэрийг би сайн хэлж мэдэхгүй ээ. Киргизстаны шигшээ баг мэднэ. Гэхдээ би бэлтгэлээ хийгээд, бэлэн байх ёстой. Намайг дуудвал би шууд явна. Дуудахгүй бол бэлтгэлээ хийгээд байж л байна.

-Монголын бөхчүүдтэй зодоглож үзсэн үү?

-Г.Мандахнарантай барилдаж байсан. Б.Наранбаатартай 2005 оны “Монгол говь”-иор таарч ялагдаж, хүрэл медаль авсан. С.Сүхбаатар, Б.Нэмэхбаяр нартай барилдаж үзсэн.

-Шүтдэг тамирчин?

-Дэлхийн медальтай О.Пүрэвбаатарыг шүтдэг. Бас олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиевийн барилдааныг харах дуртай.

-Буриад, Киргиз хоёрын хооронд хэр удаан явдаг вэ. Зардал өндөр байх даа?

-1000 доллар зарцуулдаг. Замдаа хоёр хонож байж гэртээ очно.

-Баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Дорнодын буриадууд болон Монгол зон олондоо баяр хүргэе.

Б.Мөнхзул

“Спортын шуудан” сонин